by Orgil-TT » Tue Sep 15, 2009 10:23 pm
Mongolian
Мелан 2009 сонирхогчын боксын дэлхийн ээлжит аврага шалгаруулах тэмцээн Монгол түмний сэтгэлд үеийн үед үүрд дурсагдах болно. Түмэн бээрээр алслагдсан харь нутгийн энэ хотын үзэсгэлэн гоо нь дэлхийд зартай гэнэм. Гэвч тэнүүн Монголынхоо эгэлхэн толгод шигээ мөр мөрөөн түшилцэж, хэрсүү боргожуу хоёртоо хөлөртлөө хүлхэдсэн боксчин хөвгүүдийн минь аз хийморь нь харин харийн нутгийн тэрхүү үзэсгэлэнг алт мөнгө хүрэл өнгөөр навсайтал дарсан байх нь зүйрлэшгүй их бахархал бус уу!
Энэ наадам эхлэхийн өмнөхөн Монголын ёс гурав тул гурмсан алтан медал авах болтугай хэмээн ерөөж шившиж байсан минь бараг л биелэлээ олсон байна. Дээлийнх нь захыг гарын арван хуруугаа бадайртал мушгин суусан Монгол аавуудын хүсэл ингэж билэх гэж. Монгол эцгийн удам бүлтэй бас бяртай байгээ!
Монголын олимпийн боксын баг маань дэлхийн аврагаас онцсайн дүн аваад буцаж явна. “Төлөг” хэмээн бидний хочилдог тэр Ветнамын атаархуу шүүгчид гурамсан медалиа шаржигнуулан байж тэнгэр өөд өргөн бариад “Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй төлөгүүд” хэмээж гайхуулмаар бардамнал төрөөд байх юм.
Олимпийн алт мөнгийн дараа, энэ жил монголын боксын тамирчид европын цувралаас эхлээд ази тивийн аврага, дэлхийн аврага гээд орсон тэмцээн болгоноосоо заавал ямар нэг медалтай ирсээр байгаад спорт сонирхогч биднийгээ алтан медал л биш бол амжилт биш юм шиг “давруун” бодолтой болгож орхисон байна. Үүний чинь төлөө баяраллаа гэж хэлэх ч үнэн хэрэгтээ багадна. Бразилийн хөл бөмбөгийн шигшээ дэлхийн аврагаас мөнгөн медал хүртээд ирхэд нэг ч хөгжөөн дэмжигч онгоцны буудал дээр тосоогүйн шалтгааныг одоо л ойлгож байна. Тиймээ, Монголын боксчид дэлхийн рингэнд нэгэнт эзэн суужээ. Энэ эзэгнэл эрин зуун дамжиж удаан үргэлжлэх болтугай!
Олимпийн мөнгөн медалт Ази тивийн аврага Пүрэвдоржын Сэрдамба дэлхийн аврага хэмээх хүндтэй цолыг хүртээд шагналын тавцанд төрийнхөө дуулалыг эгшиглүүлэн зогсохыг нь хараад өрийн эрхгүй сормуус норж орхисоныг нуух юун. Сэрдамбадаа баяр хүргэхийн ялдамд энэхүү нийтлэлээрээ мөрийг чинь ахын ёсоор нөхөрсөгөөр тэвэрч байна.
Сэрдамба өрсөлдөгчидөөсөө ухаанаар “илүү” байлаа. Тэрээр арга заль хоероо тактик тэвчээр болгож чаджээ. Үнэнийг өчхөд финалд Айрепетянтай гэж сонсоод санаа алдаж л байлаа. Гэтэл манай хүн бүгдээс “илүү” байсныг зөвхөн Монголчууд бид ч биш бүх л дэлхий харлаа.
Арван долоон насандаа би юу хийж явсанаа бодож нэг үзлээ. Хүүхдээрээ дэрвэж л явсансан. Төгсцогт гэдэг жаахан Монгол “хүүхэд” насанд хүрэгчидийн дэлхийн аврагаас Мөнгөн медал хүртсэн нь зүгээр л ид шид, мэйжик! Тиймээс энэ хүүг “Мэйжик” гэмээр санагдлаа. Мэйжик дайчин хүү байна лээ. Их юм бодоод байхгүй байгаагаараа дайраад л гарч байгаа харагдсан. Тэрээр ийм залуухан байж хаанаасаа тэр их мэдрэмжийг олж авсан юм болоо? Дашрамд сануулхад мэдрэмжтэй гэдэг туршлагатайн шинж! Хараа нь бас хурц юм. Хирийн хэцүү сериг оногдолгүй бултаад л гаргаж харагдсан, хараатай гэдэг хурдтайн шинж! Их юм дуулгана даа энэ мэйжик хүү!
Мөнх-Эрдэнийг хүрэл авхад урд нь олон жил дөрөв даваад начингийн даваанд үргэлж түрүү бөхөд амлуулж байдаг найраагүй сайхан бөх чадлаараа начин хийгээд туг тойрч буй мэт хийморилог сэтгэгдэл төрж билээ. Түүний кубатай хийж ялагдал хүлээсэн тулаан харамсмаар ч Мөнх-Эрдэнийг маань яагаад том тэмцээний медал одоог хүртэл авч чадаагүйг нь илтгээд өгчихөв үү гэлтэй. Мөнх Эрдэнэ маань хөндлөнгөөс харж байгаа хүнд дотроо их юм боддог бясалгадаг юм шиг санагддаг. Тэр нь түүний тоглолтын явцад хааяа нэг илэрдэг. Кубатай хийсэн тулаан дээр тэр нь ажиглагдах шиг болсон. Их сайн зөв эхлэж ирсэнээ нэг хоёр оноо илүү алдсан даруйдаа гэнэт удаашраад хүлээх маягтай болоод ирсэн. Одоо яах вэ гэж бодсон уу ямартай ч толгой нь чөлөөтэй биш харагдаж байлаа. Энэ л түүнд тоглолтоо бүрэн дүүрэн гаргахад саад болчихов уу? Нөгөө Куба нь нүдэнд өртмөөр уран тогоруу шиг хөдөлгөөнтэй юм. Ийм хүмүүс шүүгчидийн нүдэнд шууд өртөөд байдаг. Хоёр тамирчин адилхан оноо авхаар харилцан цохилцож байхад хэн уран хөдөлж нүдэнд өртөсөнд нь л оноо дарагдаад өнгөрдөгийн тод жишээ энэ байлаа.
Сэтгэл ханаагүйээ цаашдаа дахин дэлхийн аврагын мөн Олимпийн медал авах найдваруудын маань нэг бол яах аргагүй манай Мөнх-Эрдэнэ дээ!