Солонгын үндэстний орноос бэлтгэсэн тэмдэглэл №1
Солонгын үндэстний том шалгалтХар тивийн хамгийн хөгжилтэй улс нь яахын аргагүй ӨАБНУ. Хэдэн зууны тэртээгээс дэлхийн өнцөг булан бүрээс үндэстэн бүрийн хүмүүс нүүсээр ирсэн стратеги, газар нутгийн асар их ач холбогдолтой газар ажээ. Иймдээ ч үндэстэн бүрийн цуглуулга болсон энэ нутгийг өөрсдөө ч, харийнхан ч СОЛОНГЫН ҮНДЭСТЭН хэмээн нэрийддэг. Тиймдээ ч төрийн далбаагаа олон өнгийг хоршуулан урлажээ.
Өмнөд Африк-1995, Өмнөд Африк-2010, …. 2020?ӨАБНУ нь Зепп Блаттерийн том лоббигийн ачаар ДАШТ-ийг тивээсээ анх удаа зохион байгуулах эрх авсан. Энэ нь тэдэнд том шалгалт болж улмаар энэхүү шалгалтаа амжилттай давбал 2020 оны олимпийн эрхийн төлөө хүч үзэхэд том хүчин зүйл болох байсан билээ. Тэд ч энэхүү шалгалтыг муугүй давлаа. 1995 онд тэд анх регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хийсэн нь улс үндэстний төдийгүй нийт тивийн, түүнчлэн арьс өнгөний эсрэг тэмцлийн томоохон ялалт болсон билээ. Дэлхийн аварга дууссаны ердөө маргааш ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге Йоханнесбург хотод айлчилж, энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Зума 2020 оны олимпод нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн. 1995 онд Регби, 2010 онд хөлбөмбөг, харин 2020 онд ???
Халуун Африкийн хүйтэн өвөлМанай орноос экваторын бүсийн эсрэг талд орших Өмнөд Африкийн хувьд одоо өвөл нь болж байгаа ажээ. Шөнөдөө дунджаар тэг хэм, заримдаа бүр хасах хэмд хүрч байсан нь олон жилийн дунджаас хүйтэн өвөл гэнэ. Тоглолт үзэж суусан нутгийн иргэд зузаан хүрэм, пальто, ороолт, малгайгаар өвлийг давж байгаа харагдана лээ. Халуун Монголоос халуун африкийг зорьсон гэж бодсон би бээр том алдаа хийж зузаан хувцсаа цөөхнийг авчээ.
Адриан ван дер БергийнхэнХаа холын Өмнөд Африк газар нутгийн хувьд хол ч гэлээ сүүлийн хоёр удаагийн Дэлхийн Мисс тэмцээн ӨАБНУ-ын Йоханнесбург хотноо зохиогдож энэхүү тэмцээнийг UBS телевизийн бүтэн баг сурвалжилснаар Монголчууд бид багагүй мэдээлэлтэй болсон. Энд амьдардаг Монголчууд цөөн ч гэлээ телевизийн сувгаар хэдийнээ Монголчуудтай танил болсон байв.
Монгол босстой нүүдлийн цэргийн бүхэл бүтэн отряд энд ажилладаг бол Найдаа хэмээх бүсгүй Африкт амьдарсаар багагүй хугацааг элээжээ. Нутгийн иргэн Адриан ван дер Бергтэй толгой холбож, тогооны хүн нь болсноор тэнд суурьших болжээ. Ван дер Бергийнх гэдэг айл хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр аанай л Монголын элчингийн үүргийг гүйцэтгэлээ. Очсон монголчууд буудаллах нь буудаллаж, цайлах нь цайлж байлаа. Эхлээд Амараа ах, дараа нь Ганзоригт ахын групп, тэгээд би, тэгээд Э.Оргилболд, Г.Сайнцог, Д.Ганхуяг, П.Амарбаясгалан нар тэднийд өөр өөр хугацааны турш түр буудаллалаа. Түүнчлэн АПУ-ийн гурван ахад бүхий л чадлаараа тусалсан билээ. Монголчууд бидэндээ харамгүй тусалж байсан Адриан ван дер Берг, Найдаа, хүү Крист баярлалаа хэмээн хэлье.
Александра хороололд өнгөрүүлсэн хэдэн хоромХолын Африкийг ганцаар зорьсон миний бие очсон өдрөө Адрианыд UBS телевизийн найруулагч Б.Чингүүн, сэтгүүлч Жаргалсайхан нартай учирч тус улсын төдийгүй дэлхийн хамгийн ядуу бүсийн нэг Александра хорооллыг зорилоо. Гэмт хэрэг гаралтаар толгой цохих тус нутгийг зорьж энгийн африк иргэдтэй уулзах зорилго өвөрлөсөн биднийг метроны буудалд буун цагдаагаас асуумагц битгий гүн рүү ороорой хэмээн байн байн сануулж байлаа. Бид ч сануулгыг ойлгон эхний хоёр ч айл руу орж зорилгоо биелүүлэн цааш явах эсэхдээ эргэлзэн байтал машинтай хүн ирэн цонхоороо “Та нар сэтгүүлч бол одоохон эндээс яв. Яг энэ газар өчигдөр Америкийн иргэн буудуулж нас барсан” хэмээн бидэнд хэлсний дараа элдэв янзын бодолд автан төрхөм рүүгээ буцлаа.
Бидний орсон айл хорооллын зах хэсгээр байдаг тул боломжийн амьдралтай. Өрх толгойлсон гэрийн эзэн, түүний эхнэр, түүний охин, охины гурван хүүхэд, өөр нэг хүүхдийн 3 хүүхэд гээд тэр жижиг байранд олуулаа амьдарна. Зурагт, болон тавилгатай, нөхөр нь ажил хийдэг, ажлаасаа олгосон нэг машинтай, айлын гурван эзэгтэй хувийн жижиг бизнесс буюу сэндвич, шарсан төмс бэлдэж зардаг юм байна. Ахмадууд нь өөрсдийн амьдарч буй байдалдаа сэтгэл хангалуун байдаг бол залуучууд нь засгийн газар хоосон амладаг, ажлын байр олддоггүй гээд зовлонгуудыг тоочиж байв.
Александра хороолол нь 8 км кв газар нутагтай бөгөөд энэ бяцхан газарт 470 мянган хүн багтаж амьдардаг гэнэ. 1990-ээд оны эхээр улсаас Александра төсөл хэмээх дэлхийд алдартай төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд энэхүү ядуу өрхүүд бүгд орох оронтой болжээ. Бүх айлд байр барьж өгөн, байруудыг цэвэр, бохир усны шугам, цахилгаанд холбож өгсөн гэнэ. Гэсэн хэдий ч тархинд нь байр барьж өгөөгүй болохоор яалтай ч билээ.
Монголчуудын десант Солонгын үндэстэнд монголчуудын бүхэл бүтэн десант буулаа. Монголчуудын түрүүч болсон байж мэдэх Амараа ах, түүний араас Ганзоригт ах тэргүүтэй дөрвөн монгол, Нью Жуулчин Тур компаний шугамаар явсан Үүргэвчтэй аяллын Г.Ганхүү ах, хөлбөмбөгийн шигшээн дасгалжуулагч асан И.Отгонбаяр ах, UBS телевизийн хоёр, Тайгерийн азтан, хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа, Эрдэнэтийн хүмүүс тэргүүтэй 30 гаруй монгол, Б.Амарсанаа, Д.Энхбаатар гээд найзууд, “Үүрэг”-ийн О.Баяр ах, Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбооны Э.Оргилболд, , Г.Сайнцог, Д.Ганхуяг, П.Амарбаясгалан , АПУ-ын гурвал, Скайтелийн азтанууд гээд лав гурван оронтой тоо хүрсэн. Ганцаар очсон би Уругвай-Гана тоглолт эхлэхийн өмнө төрийн далбаагаа барин стадионы гадуур нэг, дотуур нэг тойрон гүйхэд лавтай 17 хүн тоолсон. Мэдэгдээгүй цаана нь хэд байсныг би таашгүй. Тус тоглолтыг стадионд 84,017 хүн үзсэн байсан нь бас сонирхолтой.
Нельсон Манделагийн төрсөн өдөр7 сарын 4-ний өдөр Нельсон Манделагийн 92 насны төрсөн өдөр тохиолоо. Уг нь энэ хүний төрсөн өдөр 7 сарын 18-нд байдаг ажээ. Гэтэл Өмнөд Африкийнхан 7 сарын 4-нд хийхээр болсон нь энэ. Энэ агуу хүний тухай үлгэр домог шиг олон юм сонсож байсны хувьд эх нутагт нь, тэр байтугай өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн талбайд, өөрийнх нь хөшөөний хажууд төрсөн өдрийнх нь арга хэмжээнд оролцоно гэдэг гайхалтай хэрэг.
Нельсон Манделагийн талбайд Сонигоос зассан “3D World Created by Sony” хэмээх нүсэр том павильонд 3 хэмжээст шоу боллоо. Шоуны гол зочин нь Өмнөд Африкийн хамгийн нэртэй дуучин Лира байсан бөгөөд техник технологийн гайхамшгийг их авьяастай хослуулсан нь нүдийг бүлтийлгэж, чихийг баясгаваа.
3D технологи хаалга тогшиж байна Энэ дэлхийн аваргын нэг онцлог нь гурван хэмжээст технологийг шууд дамжуулах, бусад нэвтрүүлэг бэлдэх гээд телевиз дүрстэй холбоотой бүхий л зүйлд ашиглаж байсанд оршиж байв. Томоохон стадионуудад гурван хэмжээст камернууд байрлуулж, дэлхийн олон оронд гурван хэмжээст кино театрууд ажиллаж, Африкийн томоохон газруудад албан ёсны ивээн тэтгэгч Сонигийн мухлагууд ажиллаж байлаа. Дэлхийн аваргын дуу Вака Вакагийн клипийг шууд эхлээд гурван хэмжээстээр хийсэн нь бас зүгээр ч нэг тохиолдол биш байх. Гээд айл бүрт гурван хэмжээст технологи ирэх нь ээ. Бэлтгэлтэй байгаарай.
Зорилгоо биелүүлсэн азтай залуусАлмас эрдэний эх оронд очиж насны мөрөөдлөө биелүүлж яваа хөлбөмбөгийн донтон залуусын бас нэгэн зорилго нь телевизийн дуранд өртөж дэлхий даяар Монголоо сурталчлах байсан. Япон-Парагвайн тоглолтын үеэр Японы фанатуудтай зэрэгцэн суусан Л.Ганзоригт ах тэргүүтэй монголчуудын маань хийсгэсэн Монголын далбаа телевизийн дэлгэцнээ намираад өнгөрсөн бол энэ дэлхийн аваргын хамгийн сонирхолтой тоглолтын нэг, олон хүний цусыг хөөргөсөн Уругвай-Гана багуудын тоглолтын үеэр алтан соёмбот далбаа маань дахин нэг намирав. Энэ далбааг барьж зогссон азтай залуус бол Д.Энхбаатар, Д.Өнөбилэгт, Д.Даянбилгүүн, Б.Амарсанаа, Н.Батгэрэл нар. Ямартай ч очсон нэг зорилгоо биелүүлсэн тэд энэ насанд үлдэх дурсгалтай зургаа getty image-ээс олсон. Удахгүй жаазлан ханандаа өлгөх биз ээ.
Монголыг сурталчлах компанит аян Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг үзэх гэж очсон хүн бүр эх орноо өөрийн хэмжээнд сурталчлах зорилгыг дотроо агуулж байлаа. Бүгд шахуу Монголын далбаагаа барьж, зарим нь Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хувцсаа өмсөж, зарим нь бүр чоно, үнэгэн малгай өмссөн байсан нь сайхан.
Ялангуяа АПУ компаний гурав маань Монголоо гайхуулсан, монголоо бахдсан чонон малгай өмсөж тоглолт эхлэх, тоглолт дуусах, тоглолтын дундуур “од” болж хүмүүс тэдэнтэй патиараа татуулах гэж дугаарлан зогсож байлаа.
Испани, Парагвайн тоглолтын өмнө цэнгэлдэхийн урд монголчуудын бичил цугларалт болсныг мөн дурдах хэрэгтэй.
Фотог: автор
Үргэлжлэл их бий…