by Realist » Sat Oct 10, 2009 10:44 pm
Зидан:Дэлхийн аваргад Африк тивийн баг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай
Хүн төрөлхтний агуу түүхийн явцад үүсч хөгжсөн хамгийн гайхалтай спорт бол хөлбөмбөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үнэхээр хөлбөмбөг бол өнөө ч өнгөрсөнд ч хамгийн олон үзэгчтэй, хамгийн сонирхолтой спортын төрөл байсаар ирсэн. Үзэгчид, фенүүд ч энэхүү агуу спортын агуу тамирчдыг дээдэлж, шүтсээр ирсэн байдаг. Зинедин Зидан. Энэ нэрийг сонссон хүнд Францын шигшээ баг болон Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өөрийн эрхгүй санаанд бууж байгаа нь гарцаагүй. Тэрээр зодог тайлж хөлбөмбөгийн ногоон талбайгаас хэдийн холдсон ч энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсаар байгаа билээ. Түүнийг бид Зизу хочоор нь хамгийн сайн мэднэ. Зизугийн хүрсэн хамгийн өндөр оргил бол 1998 оны дэлхийн аварга цол юм. Тэрээр 1998 онд Францын шигшээ баг дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Зизуг зодог тайлснаас нь хойш хөлбөмбөгийн хорхойтнууд “Хөлбөмбөгийн амьд домог“ хэмээн нэрийдэх болсон. Энэхүү нэрийг түүнд зүгээр ч нэг өгөөгүй нь тодорхой. Энэ бол түүний их авьяас болон амжилтын тодорхойлолт юм. Ингээд та бүхэндээ спортын сэтгүүлчдэд өгсөн “Хөлбөмбөгийн амьд домог” Зинедин Зиданы ярилцлагыг хүргэе.
-2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар яриагаа эхэлье. Та нэлээд хугацааг Өмнөд Африкт өнгөрөөлөө. Тус улс болон иргэдийнх нь талаар ямар сэтгэгдэлтэй байна?
-Миний бодлоор Өмнөд Африк бол их сайхан орон. Эндхийн олон зүйл нь миний сэтгэлд нийцэж байна. Хойшид энэ газар шороонд олон хүн хайртай болно гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд эндхийн бүх зүйл шинэ санагдлаа.
-Та Алжир гаралтай. Африкийн газар шороо, хөрсөн дээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдах болсонд ямар бодолтой байна. Ямар мэдрэмж төрж байна?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах болсон нь Африк тивийн хөлбөмбөгийн хувьд маш чухал үйл явдал юм. Миний хувьд ч гэсэн сэтгэл хөдлөм зүйл болох нь тодорхой. Африк тивийн ард иргэд дэлхий дахинд өөрсдийгөө нээж харуулах боломж олдож байна. Түүнчлэн миний бодлоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Африкт зохион байгуулагдсанаар тус тивийн багуудад өөрсдийн нөөц бололцоо, чаддаг зүйлээ дэлхий дахинд харуулах сайхан боломж нээгдэж байгаа юм. Африк тивийн багуудад нэг том давуу тал байгаа нь өөрсдийнхөө газар шороон дээр тоглож байгаа явдал юм. Тэд сайн тоглох ёстой. Тамирчин бүрийн хувьд энэ тэмцээн бол нэр төрийн хэрэг. Манай баг 1998 онд эх орондоо тоглож дэлхийн аварга цолыг хүртсэн. Эх орондоо тоглоход гайхалтай мэдрэмж төрдөг. Хөгжөөн дэмжигчид ч их урам зориг өгдөг шүү. Хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал их гайхалтай. Дэлхийн аваргад Африк тивийн баг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай
-Өмнөд Африкийн ард иргэдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямар зүйлийг мэдрүүлэх бол?
-Ямар ч улсын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна гэдэг онцгой агшин. Өмнөд Африк тус тэмцээнийг гайхалтай зохион байгуулна гэдэгт би итгэлтэй байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөгжөөн дэмжигчдэд аз жаргалыг өгдөг. Агшин бүр гайхалтай санагддаг. Тэд жаахан туршлагагүй байж болно. Энэ тэмцээн олон хүний хувьд сайхан туршлага болно. Гайхамшигтай тэмцээн болно гэдэгт би итгэж байна.
-Нутгийнхаа газар шороон дээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэх ямар гайхалтай байдаг талаар та ярьсан. Тэгвэл 1998 онд Францад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршлагаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
-Амьдралынхаа хамгийн жаргалтай агшныхаа талаар би үргэлж дурсдаг. Үнэхээр гайхалтай. Талбай дээрээ болсон тэмцээнд түрүүлсэндээ их баяртай байсан. Гайхалтай агшин. Бүгд л баярлаж байсан. Олон хүмүүс баярын нулимстай тэмцээнийг үдэж байсан. Ийм мэдрэмж Өмнөд Африкийн ард иргэдэд ч төрөөсэй гэж би хүсч байна. Тэд үүнийг хийж чадах ёстой.
-Мэдээж 2006 онд Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын талаар танаас олон хүн асууж байсан нь лавтай. Аварга болох боломж их байсан шүү дээ. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ эргэсэн?
-Би энэ талаар ярих үнэхээр дургүй. Олон хүн тэр тоглолтын талаар, тухайн үед юу болсон талаар ярьсаар, бичсээр ирсэн. Гэхдээ одоо миний хувьд тэр үйл явдал бол түүх. Тэр тоглолт гайхалтай болсон, бид ялахыг хүссэн. Мэдээж би Францын шигшээ багийг үргэлж хожуулахыг хүсдэг. Гэхдээ тухайн үед тийм зүйл болоогүй нь харамсалтай.
-Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн та “Реал Мадрид” багтайгаа “Вилларял”-ын эсрэг сүүлчийн тоглолтоо хийж байсан. Сүүлчийн удаа багийнхантайгаа талбайд гарахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Миний хувьд үнэхээр сэтгэл хөдлөм агшин байсан. Гэхдээ би тухайн үед үзэгчдэд ямар нэг сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Манай гэр бүлийнхэн, найзууд, хөгжөөн дэмжигчид гээд бүгд тэр тоглолт дээр ирсэн байсан. Над их хэцүү байсан. Би энэ спортод хайртай. Би энэ спорттой үргэлж хамт байх болно.
-Таныг зодог тайлснаас хойш Францын шигшээ багийн амжилт их муудлаа. Энэ талаар ямар бодолтой байна?
-Сүүлийн үед амжилт муутай тоглож байгаа нь үнэн. Гэхдээ одоо тэд муу биш байгаа. Тоглолтын хувь заяаг өөрчилж чадах авьяаслаг тамирчид манай багт бий. Тиймээс би санаа зовохгүй байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье. Өглөөний сонин
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР