Ийм сэдэв байдаггүйм бна шд. Ирэх улирлаас эхлээд энд бас бичээд явцгаая оо. Гого.мн-д ийм юм бичлээ.
ФА кап өөрчлөгдөнө
ФА (Английн Хөлбөмбөгийн Холбоо)-ны удирдлагууд ирэх улирлаас цомынхоо тэмцээний форматад өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. ФА кап нь 1871 онд хамгийн анхны тоглолтоо хийж байсан бөгөөд энэ нь дэлхий дээрхи хамгийн анхны албан ёсны тэмцээнээр тооцогддог.
Тэр цагаас хойш цаг хугацааны явцад хэд хэдэн удаа өөрчлөлт хийж байсан ч тэмцээний форматад сүүлийн 40-өөд жил харьцангуй бага гар хүрсэн байдаг. Энэ удаагийн өөрчлөлт нь гэвэл шөвгийн 8-ын тоглолтыг цаг сунгаад ялагч тодроогүй тохиолдолд шууд торгуулийн цохилт цохин хэн ялсныг нь тодруулж байхаар болжээ.
Энэ нь улирлын шийдвэрлэх үед лигийн хуваарьт аль болох бага гар хүрч байх ач тустай гэнэ. Бусад лигтэй харьцуулахад Премиер лигийн тоглолтууд их сунаж тоглодог. Бараг лигийн сүүлийн өдөр болох хэрд дутуу тоглолтууд явагдаж л байдаг. Англид хөлбөмбөг бараг өдөр тутам тоглогдож байдаг гэхэд хилсдэхгүй. ФА-ийн хүрээнд лиг болон цомоос гадна Capital one cup (хуучнаар Карлинг кап) хэмээх бас нэгэн тэмцээн бий. Boxing day буюу шинэ жилийн өмнө багуудыг ойр ойрхон маш шахуу тоглуулдаг.
Мөн олон тоглолттой тул долоо хоногийн дундуур ч тоглуулдаг. Бусад лигүүд энэ жаягийг дагадаг болсон ч анх нэвтрүүлснээр нь энэхүү тоглолтыг англи долоо хоног хэмээн нэрлэдэг юм. Ийнхүү энэ олон тоглолтууд мөн ФА капын нэмэлт тоглолтууд багуудыг маш их сульдаахаас гадна лигийн хуваарь ихээхэн өөрчлөгдөж байгаад дүгнэлт хийн ийм шийдвэр гаргах болсноо лигийн удирдлагууд тайлбарласан байна.
Английн фэнүүдийн хувьд энэ бол баяртай мэдээ. Учир нь улирлын шийдвэрлэх үед 120 минут тоглоно гэдэг амаргүй. Гэтэл дахиад бүтэн 90 минут магадгүй 120 минут тоглоно гэдэг нь тэр багийн лиг болон бусад цомын тэмцээнд амжилт үзүүлэх боломжийг эрс багасгадаг. Хүч тарамдсан энэ урт хугацаанд чухал тоглогчид бэртэж гэмтэх тохиолдол их гарч энэ нь тухайн багуудад хүнд тусдаг. Цаашлаад шигшээ багт тоглодог тамирчдын амжилтад ч сөргөөр нөлөөлдөг.
Өмнө нь 1999 онд яг ийм шийдвэрийг хагас шигшээ тоглолтод гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл шөвгийн 4-т үлдсэн багууд 120 минутын дараа шууд пеналтигээс ялагчаа тодруулдаг болсон. Финалын тоглолтыг бүр 1993 онд өөрчилж байжээ. Шинэ дүрмээр 1993/1994 улиралд ганц тоглолтоор шийдвэрлэсэн бөгөөд уг тоглолтод Манчэстер Юнайтед Челсиг 4-0-ээр хожиж байжээ.
Ийнхүү багууд улирлын чухал хэсэгт санаа амар байх боломжтой болж байна. Харин шөвгийн 16 хүртэл хуучин дүрэм хэвээр үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл 90 минутын дараа 30 минут цаг сунгана, энд ялагч тодроогүй бол зочин баг хариу тоглолтыг талбайдаа хийх юм. ФА капын хамгийн олон түрүүг Манчэстер Юнайтед болон Арсенал багууд хүртсэн. Тэд 12 удаа энэхүү нэр хүндтэй цомыг тэнгэрт өргөжээ. Энэ жилийн хувьд Манчэстер Юнайтед клуб аваргаар тодорсон билээ.