by Цогоо » Mon May 06, 2019 9:30 pm
So Come on Ramsey
Lets set the world alight!
Зээрэнцэг маань ингээд яваад өглөө дөө хөөрхий. Өчигдрийн гомбоо тоглолтын дараа Арсенал клубын зүгээс Аарон Рамзид хүндэтгэл үзүүлжээ.
Кардифаас өсөх ирээдүйтэй залуу тоглогчийг Ман Юнайтедтай өрсөлдөж байгаад авлаа гэсэн мэдээ уншиж анх танилцаж байлаа. Юнайтед Гари Нэвиллийг явуулсан гэдэг бил үү дээ. Манайхаас Арсэн Вэнгэр өөрөө очиж уулзсан гэдэг юм. Их ач холбогдол өгч өөрөө очиж байхыг бодоход хоосонгүй хүү байна даа гэж бодож байсансан. Төдөлгүй нөгөө нөхөр чинь Юнайтедтай хийсэн тоглолтод гоолдож бариад л ер нь боломжийн шүү. Фабрегас Барса руу явахдаа "Санаа зоволтгүй ээ, би явлаа гэхэд манайд Рамзи бий шүү дээ" гэж хэлж байж билээ. Яагаад Вилшэр гээгүй Рамзиг хэлсэн юм бол доо гэж тухайн үед бодож л байлаа.
За тэгээд яг идэж ууж эхлэх янзтай болоод ирж байтал новшийн Шаукросс хөлийг нь хугалж хаяад бараг хөлбөмбөгчийнх нь замналыг дуусгачихав уу гэтэл эдгээгээд ороод ирэхэд нь эргэлзэж л байлаа. Хүрнэ гэж яригддаг байсан өндөрлөгтөө хүрэх болов уу гэж хүн болгон л эргэлзсэн байх. Хүрээгүй ч байж магад. Нэг улирал цоороод, нэлээн хэдэн улирал ноороод хэсэг явсан даа хөөрхий.
Манайд ч гэхдээ яг аятайхан өөрийнх нь байран дээр тоглуулаагүй л дээ. Баруун жигүүрт ч гүйж байх шиг. Нөхөр бол өөрөө төвөөр гүйх дуртай байдаг. Гүнээс хожуухан гүйж орж ирэхдээ нэлээн аюул үүсгэж тоглодог шиг санагддаг. Ямартай ч Уэлссын шигшээдээ бол алж хядчих гээд, Арсеналд болохоор хайнга *аагаад байсныг бодвол асуудал манай талд л байсан шиг байгаа юм. Болохгүй байхад нь л байнга гараанд гаргаад нүдээд байхаар манайхан ямар сайндаа "Арсэн Вэнгэр ээжтэй нь зээрэнцэг шидэж явсан байх" гэж маазраад нөхрийг Зээрэнцэг гэж хочилж байх вэ дээ.
Гэрээгээ сунгахгүй нэлээн гүрийсэн нь хөөрхий Алексис, Өзил, Вилшэр энэ тэрийн дуулианы хажуугаар олны анхааралд өртөлгүй үлдчихсэн л дээ. Бас ч аргагүй байх. Өзил долоо хоногт 350 мянган паундын цалинтай хий эргээд байхаар элдэв юм бодогддог л биз. "Өмнөх удирдлагын лай ланчиг" гэж би ч улиг болтол үглэж байна дөө. Унай Эмэрид даан ч таалагдсангүй дээ. "Арсеналаас санал болгосон гэрээг нь Рамзи бараг зөвшөөрдгийн даваан дээр буцаагаад татчихлаа" гэсэн мэдээ явсан. Зөвшөөрсөн байсан эсэхийг нь мэдэхгүй боловч энэ нөхөр ингээд гэрээгээ дуусгаад үнэгүй яваад өглөө. Ядаж гэрээг нь сунгаж байгаад цөөхөн хэдэн саяар ч болтугай зарсан бол гэж харамсаад байгаа юм.
Гэхдээ Аарон Рамзиг энэ улиралд үнэхээр үнэллээ. Ялангуяа Ювэнтус руу зун явна гэсэн мэдээлэл нь ил болсны дараа цалингаа аваад биеийн амрыг бодоод татасхийж тоглож болох байсан ч яг л өмнөх шигээ, бараг илүү ч тоглоод байх шиг. Чухам л "Санана даа, та нар намайг санана" гээд байгаа юм шиг тоглолоо.
Яг ингээд "Явлаа шүү. Баяртай" гэсэн нулимстай бичлэгийг нь үзсэн чинь сонин болж байна шүү. Арсеналд өсвөрийн жаахан хүү ирээд, 11 жил бужигнаад явахдаа 28 настай эр хүн болоод буцлаа. Сайн муу хэлүүлж, фэнүүдийг байнга талцуулж байдаг тоглогч түүнээс өөр ганц хоёр л байдаг байх. Ямартаа ч Английн Хөлбөмбөгийн Холбооны Цом хэмээх дэлхийн хамгийн эртний тэмцээний хоёр ч финалд хожлын гоол хийж дэлхийн сая сая гүүнерүүдийн магнайг тэнийлгэсэн ачтан гэдэг нь түүхэнд тод бичигдэх хүн билээ л.
БАЯРЛАЛАА. БАЯРТАЙ!
Цаашдын замналд амжилт хүсье! Арсеналтай таарахаас бусад бүх тоглолтдоо хожиж яваарай!