by Marco » Sat Oct 27, 2007 2:35 am
Урд бичиж байсан бичлэгүүдээс арай өөрөөр ,машин нисгэгч хоёрыг морьтой баатар болгон зүйрлэж хошигнол маягтай бичихээр оролдож үзлээ .хэхэ
Зээ жил бүрийн хаврын дунд сараас өвлийн эхэн сар хүртэлх хугацаанд Формэл 1ийн хүлэг морьд,хүчит баатруудын тулалдааныг FIA хэмээх хэмжээгүй эрхт эзэнт гүрнээс уламжлал болгон явуулдаг билээ.
Улирал нь нийтдээ 16 өөр газар 16 удаа явагддаг уг уралдааныг бөмбөрцөг дээрхи сая сая хүмүүнүүд үзэж сонирходог бөлгөө.Хүлэг морьдыг нь орчин үеийн шинжлэх ухааны техникийн ололт,дэвшилтээр өсгөн бойжуулж,хоол тэжээлийг нь шингэц сайтай боловсронгуй болгох,хөл туурайг нь уралдааны замд тохируулан янзлах,салхи зүсэн довтолгох хурдыг(аэродинамикийг ) сайжруулхын тулд үс,залаа,сүүлийг нь засан боож чимэглэх зэрэгт ихээхэн мөнгө хөрөнгийг харамгүй зарцуулдагаараа бусад уралдаан тэмцээнээс онцгой ялгагдмой.Тиймийн учир Формэл 1 ийн хүлгүүд гайхамшигтай хурдлах ажгуу.Мөн хүчит хүлгүүдийн хэрхэн давхихыг дуулгат баатруудын зориг,тэвчээр мэдэх билээ.Энэ жил 11 уяач уралдаач баг 22 баатартайгаа уралдахаар бэлтгэжээ.Энд олон жилийн туршлагатай Мэрсэдэс,БМВ,Фэррари,Рэно угшлын хүлгүүдээс гадна шинээр оролцож байгаа хүлэг морьдууд уяа сойлгоо тааруулаан дүүхэлзэж байлаа.Фэррари хүлэг уламжлалт улаан арьстайгаа,Мкларэний хүлгүүд мөнгөлөг,Хонда бөмбөрцөгийн ногоон ,Рэно шар цагаан,БМВ цагаан хөх зэргээр өнгө алаглуулан
солонгорно.
Долоон удаагын үнэмлэхүй аварга,ялагдашгүй хүчит,омог бардам М.Шумахэр гэгч баатар нь дуулга хувцасаан тайлан,Фэррари хүлгийнхээ эмээлээс буун, дахин ширүүн тулаанд орохгүй гэдгээ мэдэгдсэн бөлгөө.Түүнийг залгамжилхаар МкЛарэн багаас Айсмэн хочит Кими Райконэн Фэррарид иржээ.Мөр зэрэгцэн хамтрахаар бразилын битүү ширэнгээс ирсэн , эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй Масса баатар хүлээж байлаа.Харин сүүлийн жилүүдэд олигтой амжилт үзүүлээгүй МкЛарэн хоёр шинэ хүнтэй болсон байв.Тэд бол Рэно багтай хоёр жил дарааллан аваргалсан Алонсо хэмээх омголон испани баатар болон хар багаасаа Мэрсэдэс удмын адууг унаж өссөн ,төрөлхийн авьяаст ,хар арьст Л.Хамилтон баатар нар байлаа.Рэно баг анх удаа Формэл 1 д хөл тавьж буй финландын Х.Ковалайнэн гэгч залууг элсүүлэн авсан зэргээр багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлтүүд хийжээ.Түүнээс гадна С.Ямомото.А.Сутил,С.Вэттэл нарын залуу баатрууд анхний удаа хүчийг үзэн, зоригоо шалгахаар бас ирцгээжээ.
Эхний уралдаанаас л Мкларэн,Фэррари нар энэ жилийн гол өрсөлдөгчид болох нь харагдлаа.Хонда,Тоёота,Рэно багуудын уяа сойлго олигтой таараагүй болтой түрүүлэгчдээс хол дутуу нь мэдэгдэж байсан билээ. Харин цагаан хөх БМВ морьдын чадал тэнхээ нь улаан,мөнгөлөг хүлгүүдийн араас гэзэг даран нэхэх шинжтэй үзэгдэв.Фэррари угшлын Спайкэр,Торро Россо, Рэно угшлын Рэд Булууд, Хонда угшлын Агури багууд тус тусын онцлого шинжээ бүрдүүлэн, дээд чадвахи, хэмжээндээ хүртэл хурдалж байлаа.
Австралиас авхуулан Монако хүртэлх уралдаанд Мкларэн эв нэгдэлтэй нэгэн баг мэт ажиллаж чаджээ. Уралдаан дуусангуут гунигт Британи арлын олон сонин хэвлэлд багын хоёр баатрыг хагаралдуулж болхуйц хорон үгт,сурталыг түгээн цацмой.Үүнийг зарим орны шар,бор хэвлэлүүд сэгэнд шунах тас мэт шүүрэн авч, олзлон зулгаалдаж байлаа.
Тун удалгүй Фэррари өөрсдийнх нь 700 гаад хуудас бүхий нууц судрыг Мкларэнууд хулгайлан завшив хэмээн FIAд гомдол гаргажээ. FIA үүнийг шалган дүгнээд нотлох аргагүй гээд үл хэрэгсвээ.Үүнд хорсох угын заргач италичууд Мкларэныг хэзээ нэгэн цагт ялна гэж андгайлмой.
Уралдаан цааш үргэлжилсээр.Уралдааны замд морьд бархардан унаж үхэх,хөл туурай нь хугаран мултрах,онхолдон осолдох зэрэг эндэлүүд гарна.Канадын уралдаанд БМВ багын Кубица баатар аймшигтайгаар осолдон, унаж явсан морь нь хэдэн хэсэг тасар татагдан дууссан билээ.Азаар өөрөө хүнд бэртэлгүй эсэн мэнд үлджээ.Өршөөлт тэнгэрийн ачаар дахин ийм аюумшигт осол болсонгүй харин туурайгаараа тангарлацах,нэгнээ үзэлгүй араас нь мөргөх мэт аминд бага халтай жижиг осолууд байнга гармой.
Мкларэн баг сүүлийн хэдэн жил олоогүй амжилтаа хоёр шилдэг баатрынхаа ачаар олсоор байв.Нийт баатруудын оноог хар арьст Хамилтон баатар тэргүүлж эхэлжээ.Анх удаа шилдгүүдтэй тулалдаж байгаа гэхэд маш сайн,бүр гайхалтай байлаа.Түүний алдаа гаргалгүй ,замаа нягтлан морио залуурдан довтлох нь давтагдагшүй билээ.Ийм амжилт гаргахыг хэн мэдэх билээ.Тэр дундаа багын анд Алонсо түүний амжилтанд дарагдаж эхэлсэн нь дотоод зөрчлийг даамжирхад их нөлөөлж байв.
Унгарын уралдааны дараа Мкларэн доторхи үл ойлголцол нь бусдын идэш болжээ. FIA хуучин хэргийг даруй сөхөн шинэ баримтыг шалган үзээд Мкларэн баг Фэрраригын нууц судрыг хулгайлсанд тооцон, олсон бүх оноог хасан үгүй хийж, 100 сая алтан зоосоор торгох шийдвэр гаргамой.Түүнээс хойш улаан морьтой баатрууд эрч хүчтэйгээр урагшилан довтолгож эхэллээ.
Тэглээ ч мөнгөлөг морьт Хамилтон баатрын олж цуглуулсан оноог гүйцэхэд тун бэрх харагдана.Гэлээ ч ширэнгийн хүү Масса, мөст финландын Кими нар Фэррари багтайгаа
Шүдний махаар хооллон
Шүүдрийн усаар ундаалан
шөнө өдөр ялгалгүй давхиж бэлтгэл сургуулиан базааж байв.Сүүлийн уралдаануудад Кими баатар тун сайн тулалдаж Мкларэний хоёрын араас алдалгүй нэхэн ард нь ойртсоор байлаа.Төгсгөлын хоёр уралдаанд Хамилтон баатар аварга болох бүрэн боломжтой байсан билээ.Түүний нас багадаж,цус нь шингэдэж энэ боломжоо алдсан бөлгөө.
Хятадын уралдаанд морнийхоо хөлийг хайрганд зоож орхивоо.Халуун бразилд жолоо цулбуураа алдан,буруу залан онхолдох дөхөвөө.Давхин давхисаар долоод орлоо.Алдаан дээр нь Айсмэн Кими ,ширэнгийн Масса нар даруй олзуурхан,зай үлдээлгүй шахаж,хором алдалгүй урагшилсаар эхний хоёр байрыг эзлэн хувааж авжээ.Ийнхүү өршөөлт тэнгэрийн ивээлээр,олон түмний хүссэнээр
Хурц гарамгай
Хурдан шаламгай
Баатар зоригт
Бадрангуй хүчит, дуулгат баатар Кими Райконэн дэлхийн аврага болсон билээ.