Кака 2007 онд Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, тухайн жилдээ FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм. Өнгөрсөн зуны арилжааны үеэр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын шинэхэн Ерөнхийлөгч Флорентино Перез 68.5 сая евро төлж,түүнийг багтаа элсүүлснээр Кака дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд багтах болсон билээ.
-Мадридад амьдрал ямар байна даа?
-Мадрид надад үнэхээр таалагдаж байгаа, маш тохитой байдаг юм. Клуб маань гайхалтай, дээр нь Мадрид хот үзэсгэлэнтэй.
-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Манчестер Сити”-гийн тавьсан саналд татгалзсан хариу өгч, өөрийнхөө хувь заяаг Миланд даатгасан. Хөгжөөн дэмжигч, фанатуудад өөрийгөө Миланд үргэлжид байх юм шиг сэтгэгдэл төрүүлчихээд яагаад яваад өгөв?
-Би өөрийгөө Миланд үлдэх талаар хүмүүст итгүүлсэн гэж хэлбэл дэндүү шударга бус хэрэг болно. Тэр үед “Манчестер Сити” надад үнэхээр өгөөмөр зан гаргаж, гайхалтай санал тавьсан. Татгалзахын аргагүй сайхан санал байсан учир “Милан”-ы зүгээс сонголтыг надад үлдээж, намайг өөрөө шийдвэрээ гарга гэснийг би мэднэ. Гэхдээ миний дотоод сэтгэлд үлдэх нь зөв юм шиг санагдаж, харин намайг багтаа үлдээхээр шийдсэн. Надад үнэхээр сайхан санагдаж байсан учир би тэдний төлөө, бас клубын төлөө өөрийнхөө ур чадварыг зориулахын тулд үлдэж байгаа гэж хэлж байсан нь тэгсэн хэрэг.
-“Реал Мадрид” танд 68 сая евро төлсөн. Ийм их хэмжээний мөнгө төлсөн болохоор нуруун дээрээ хүнд ачаа үүрч байгаа юм шиг санагддаг уу?
-Огтхон ч үгүй. Хөлбөмбөгийн эргэн тойронд хөгжөөн дэмжигчид болон хэвлэл, мэдээллийнхэн л энэ сэдвийг чухалчилж үздэг байх. Би мөнгө бодож, толгойгоо гашилгадаггүй. Бас тэд надад ихийг төлсөн болохоор би илүү сайн тоглох ёстой ч гэж боддоггүй. Тэд Криштиан Рональдуд надад төлснөөс илүүг төлсөнд би хувьдаа баяртай байгаа. Учир нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогч байна гэдэг амаргүй. Бас үүнээс болоод анхаарал сарних нь элбэг. Тийм болохоор миний хувьд дарамт багассан гэж болно. Учир нь бүх л хүмүүс Рональдугийн тухай ярьж байна шүү дээ.
-Харин Рональду өөрөө үүнийг төвөгшөөхгүй байх шиг санагдсан?
-Тийм ээ. Хүн бүхэн түүнийг ид шид бүтээхийг хүсч байгааг тэр мэддэг ч, үүнийг тээршаадаггүй. Дэлхий дээрх хамгийн үнэтэй хөлбөмбөгч байгаа цагт олон хүн түүнээс илүү ихийг хүсч, хүн бүр түүнийг өөр өөрөөр харах болно. Гэхдээ Рональду үүнтэй маш сайн зохицож чаддаг. “Реал Мадрид” түүнийг авахын тулд хий дэмий их хэмжээний мөнгө зарцуулаагүй гэдгийг Рональду хэдийнэ баталж чадсан гэж бодож байна. Тэр бас манай багт тоглож байгаад баяртай байгаа. Рональду “Манчестер Юнайтед”-ын бүрэлдхүүнд ямар чухал үүрэгтэй байсныг энэ улирлын тоглолтоос тодхон харж болно. Тэр явснаар “МанЮ”-гийн хүч суларсан шүү дээ.
-Талбай дээр байхад Бурхан чамтай хамт байдаг гэж та ярьж байсан. Чухам юу гэсэн үг вэ?
-Би оюун бодлоороо үргэлж түүнтэй хамт байдаг. Бүхий л амьдралынхаа туршид би үнэхээр азтай байсан. Би өөрөө хийж, бүтээж чадахааргүй тийм олон зүйл миний амьдралд тохиолдсон. Амьдрал гэдэг тун хэврэг, тиймээс хором мөч бүрийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг сайтар ухаарсан. Аливаа зүйл үргэлж сайн сайхан байхгүй болохоор хүнд хэцүү үед эерэг зүйлийн талаар бодож, өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Талбай дээр байхдаа бурханы талаар бодож, түүнд залбирснаар илүү урам зоригтой болдог юм.