by Мэргэн » Wed Nov 25, 2015 5:01 pm
Фил Жэксон. "11 бөгж: Амжилтын амин сүнс" номны хэсгээс:
Би дасгалжуулах ажлаа хийхдээ ярианыхаа завсар дууны клип (хожим нь киноны хэсгээс) ашиглах болсон. Эхэндээ Жими Хендриксийн “Одод хучсан далбаа”, дараа нь Дэвид Бирнийн дуунууд, залгуулаад Фредди Меркуригийн “Бид бол аваргууд” гээд л. Эцэст нь илүү урам зориг өгдөг бичлэгүүдийг ашиглаж сурсан. Нэг удаа плэйоффт орохын төлөө дайралт хийж байхдаа цаг хугацааг дэмий өнгөрөөх нь харамсалтай болох тухай өгүүлдэг Talking Heads хамтлагийн “Амьдралд нэг удаа” гэх сүлд дуугаар бичлэг хийж байлаа.
Хөгжим болон сагсан бөмбөгийн хооронд хүчтэй холбоо байдгийг би үргэлж мэдэрдэг байв. Энэхүү тоглоом угийн хэмнэлтэй салшгүй холбоотой бөгөөд шилдэг жазз хамтлагуудын дуунаас мэдрэгддэг амь биеэ үл хайрлах, үг хэлэлгүй ойлголцох холбоог шаарддаг юм. Жон Колтрейн Майлс Дэвисийн хамтлагт тоглож байх үедээ нэгэнтээ Майлсын цухлыг барсан эцэс төгсгөлгүй мэт урт гоцлолыг зохиосон байдаг. “Ямар новш нь вэ” хэмээн Майлс хашгирав.
“Хөгжмийн зэмсэг маань үл зогсож, хүрэх эцэсгүй эгшиглэсээр байна ах минь” гэж Колтрейн хариулжээ.
“Алив наад новшоо чимээгүй болгоод аль” гэснээр тэдний яриа дууссан.
Телониус Монктой хамтран тоглодог хөгжимчин Стив Лэйси жазз хөгжмийн хамтлагийн гишүүддээ зориулан Монкийн зөвлөгөө гэх жагсаалтыг гаргасан байдаг. Тухайлбал,
• Чи бөмбөрчин биш гэдэг нь хэмнэлээ барих учиргүй гэсэн үг биш.
• Хачин жигтэй ноотууд (новшийн гэмээр) тоглохоо болиод, аялгуу эгшиглүүл.
• Сайхан аяз тоглоход нь бөмбөрчинд тусла.
• Төгөлдөр хуурын хэсгийг тоглох хэрэггүй. Би хийх болно!
• Бүгдийг шүүрэн авч тоглохоо боль (эсвэл хором бүрт), зарим зүйлийг зүгээр л орхи... Тоглохгүй байх нь оролдохоос чинь чухал байж мэднэ.
• Хэмнэлээ мэдэрсэн үедээ өшөө жаахан нэмээд өг.
• Чи бодсон бүхнээ хийж чадахгүй, хэн нэгэн хүрч ирээд түүнийг чинь хийх болно. Суу билигт хүн өөртөө итгэлтэй байдаг.
• Чи хөгжимдөхийн тулд хөгжимдөх хэрэгтэй, хөгжимдөх үү тэгээд?
Монкийн энэхүү жагсаалт дахь мэдлэг болон ухамсарын ач холбогдол, хамтын ажиллагаа, маш тодорхой үүргийн хуваарилалттай байх зэргийг агуулсан үндсэн санаа нь жазз хөгжим гэхээсээ сагсан бөмбөгт илүү хамааралтай мэт байв. Тоглогчид хийж буй үйлдлээ уялдуулан зохицуулах хамгийн сайн арга бол тэд 4/4 хэмнэлийг барин тоглох явдал гэдгийг би эрт олж мэдсэн. Үндсэн дүрэм нь гэвэл бөмбөгтэй тоглогч 3 дахь хэмнэлийг товшихоосоо өмнө дамжуулах, шидэх, залж эхлэх зэргийн аль нэгийг хийх ёстой. Тоглогч бүр хэмнэлээ хадгалж байгаа үед өөр хооронд нь товшилт бүрээр нь уялдуулахад хялбар байдаг юм.