Өнгөрсөн амралтын өдрүүдээр Фррмула 1-ийн энэ улирлын 12 дахь гараа Бельгийн Спа-Фганкохшам авто тойруулгад болж улирлын эхний хагасын дараах урт амралт эхэллээ. Улирлын 3 дахь Спринт гараа гэдгээрээ бас онцлог байлаа. Ингээд уламжлал ёсоор Баасан гарагт ганц бэлтгэл хийгдээд үндсэн гарааны байрлал тогтоох уралдаан эхэлсэн юм. Q1 эхлэхэд зам шал нойтон, нисгэгчид бараг 2 минутын тойрог хийж байсан ч зам аажим хатсаар Q3-т 1:46 гэсэн цаг үзүүлж дуусгасан юм. Q2-т Макс Верстапен мултрангаа алдаж 10-р байраар арайчүү Q3-руу орсныг эс тооцвол айхтар сенсаац гарсангүй. Макс шарандаа полыг тэргүүлсэн ч хурдны хайрцагаа сольсон тул 5 байр ухрах торгууль хүлээснээр Ферраригийн Шарль Лекле замналынхаа 20 дахь полыг хүртэх эрхтэй болсон юм. Энэ нь Ферраригийн Спад авсан 12 дахь пол болж түүхэнд бичигдлээ. Рэдбуллын Серхио Перез, Мерседесийн Льюс Хамилтон, Ферраригийн Карлос Саинц, МакЛарены рүүки Оскар Пиастри нар тус бүр нэг байр огшсон бол Максын араас Ландо Норрис, Жорж Рассел, Фернандо Алонзо, Ланс Стролл нар жагсахаар болсон юм.
Бямба гарагт Спринтийн байрлал тогтоох Шүүтаут бас дахиад нойтон замд болж Астон Мартины Стролл вальсдаж хашлага мөргөөд бутарснаар SO2-ыг баллаж тойрог хийж амжаагүй 4-5 нисгэгч цаггүй мултрав. SO3-т Верстапен эцсийн мөчид 0.011 секундээр Пиастригаас тэргүүн байрыг булаалаа. Ферраригийн 2 удаалж, Норрис, Алпиний Пьер Гасли, Хамилтон, Перез, нөгөө Алпин Себастиан Окон, Рассел нар араас нь гарахаар болов.
За Спринт эхлэхэд зам бүр шал ус болж Аюулгүйн машинтай, бүгд заавал борооны арзгар дугуйтайгаар 3-4 тойрсны эцэст нар цухуйж эхэлсэн тул уралдаан эхэллээ. Хамгийн урт тойрогтой гараануудын нэг Спад ердөө 11 тойроод Спринт дуусахаар болов. Аюулгүйн машин ормогц баг болгоны нэг, нэг нисгэгчид борооны дугуйгаа холимог дугуйгаар солихоор питэд овоороод, дараагийн тойрогт үлдсэн хэд нь бас дугуйгаа солив. Энэ завшааныг Пиастри сайхан ашиглаж тэргүүллийг авсан бол Гасли 3-руу дэвшээдэхэв. Хамилтон, Перез 2 хавиралцаад Перез уралдаанаа дуусгасан бол хяналтынхан Хамилтоныг 5 секунд торгож 4-өөс 7-руу унав. Верстапен түрэмгийллээ үргэлжлүүлж 6 дахь тойрогт Пиастриг идэж тэр чигээрээ түрүүлж 8 оноо халааслав. 42 дахь насны төрсөн өдөр нь тохиосон домогт Алонзо вальсдаж замаас гарч өөртөө "бэлэг" барьснаар Спринт өндөрлөлөө.
Ням гарагт үндсэн гараа харин хуурай зам дээр эхэллээ. Эхний эргэлт дээр 4,5-аар эхэлсэн Пиастри, Саинц 2 хавиралцаж Пиастри тэр дороо уралдаанаа дуусгасан бол Саинц хэдэн тойрог салгалж үзээд нэмэргүй болж гарав. Чеко дөнгөж 4 дэх эргэлт өнгөрөөд л Шарлийг гүйцэж манлайллыг гартаа авлаа. Яг энэ мөчид Макс мөргөлдсөн Саинцыг бас гүйцэж байлаа. Үргэлжлүүлэн Хамилтон, Шарль 2-ыг ч ядах юмгүй орхиж 17 дахь тойргоос багийн хамтрагч Перезээ ч гүйцэж тэр чигээрээ түрүүлэн улирлын 10 дахь түрүүгээ хүртлээ. Улирал талдаа орж байхад аварга болох нь тодорхой шахуу л болчлоо, аймшигтай. Мөн 13 дарааллан шагналын тавцанд гишгэсэн үзүүлэлтээр түүхэнд 4-т орж ирлээ. Арын хэдэд өөрчлөлт бараг орсонгүй, Перез, Лекле, Хамилтон, Алонзо, Рассел, Норрис нар бариалж мөргөлдөөд гарсан хоёрын орон зайг Окон, Алфатауригийн самурай Цүнода нар нөхөж 8, 10-т орж оноо зулгаасан юм. 9-т Стролл орсон.
http://www.motorsport.com сайтад МакЛарены сүүлийн 3 гараанд огцом сайжирч фаворит болоод байгаа шалтгааныг машиндаа нэвтрүүлсэн 11 шинэчлэлт гэж онцолсон байна. Зарим зүйлс нь Рэдбуллыг шууд копидсон ч гэсэн яриа байгаа гэнэ.