by Raldii » Mon Feb 11, 2013 7:48 pm
7.3.Бөхийн цээр, зэм шийтгэл
Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
а)хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд:
- шуудагнаас цавчиж удаан барих,
- элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,
- зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах,
- гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,
- зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих,
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй.
б)гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд:
- цохиж халах(даллан цохих, шуугаар халах),
- хоолой шахах,
- зориуд мөргөх,
- ямар нэг байдлаар алгадах, цохих,
- өшиглөх, тийрэх,
- унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх,
- өвдөглөн барьц тавиулах,
- хоёр гарыг давхар хөших,
- сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших,
- бусад хэлбэрээр үений эсрэг хөших,
- өлмий дээр гишгэн улмаар мэх хийн унагах.
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёрдахиа зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай шагналыг олгохгүйгээр барилдаанаас хасч, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
в)учраа бөхөө санаатайгаар гэмтээхийг цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасч бай шагналыг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр оногдуулна.
г)хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй.
д)аливаа наадам, барилдааны товлосон хугацаанаас хоцрохыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчин, бөхийн бүртгэл дууссан хойно ирсэн бөхийг тухайн барилдаанд барилдуулахгүй.
е)нэгэнт ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрөх буюу албадах, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчихийг завдсан бөхөд ахлах гарын даа сануулах ба сануулгыг эс биелүүлэн маргавал барилдаанаас хасах саналыг ерөнхий цэцэд тавьж шийдвэрлүүлнэ.
ж)бөхийн өмсгөлийн шаардлагыг зөрчих, элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулрахаар уяхыг цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчвөл засуул, цэцийн зүгээс шаардлага тавин засуулах бөгөөд дахин зөрчих буюу шаардлагыг эс биелүүлвэл хөлийн цэц барилдаанаас хасна.
з)сонгосон болон хаялцах барьц барих, бариулахаас татгалзах болон уг барьцыг бариулах үед элэг бүс, шуудагны уяаг суллахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц сануулах ба уг сануулгыг хүлээж авахгүй бол тухайн барилдаанаас хасч, учраа бөхийг давсанд тооцно.
и)тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл учраа бөхтэйгээ гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаардлагыг эс биелүүлвэл тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.
л)хөлийн цэцийн шйидвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай шагналыг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.
м)хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгахын цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчсөн нь нотлогдвол тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй байх, цалин болон цолны хишгийг тодорхой хугацаагаар буюу бүрмөсөн хасах, улсын наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх шийтгэл оногдуулна.
н)барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц хоёр удаа сануулах ба дахин зөрчвөл бөхийг унасанд тооцон хасч, бай шагналыг олгохгүй.
о)допингийн жагсаалтанд орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхөд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу эрх бүхий байгууллагаас хариуцлага тооцон, зэм шийтгэл оногдуулна.
ө)гэмт хэрэг үйлдэж, монгол бөхийн нэр хүндийг гутаахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчин, баривчлах ба тэнсэх ялаар шийтгэгдсэн бөхийн барилдах эрхийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ял шийтгэлтэй байх хугацаанд түдгэлзүүлж, цолны хишиг, цалин, шагнал олгохгүй.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо