Монгуш Андрей: Би шөвгийн дөрөвт үлдэх зорилготой ирсэн Монгол туургатны V их наадмын барилдааны шөвгийн наймд шалгарсан ОХУ-ын Тува улсын начин Андрей Монгуштай цөөн хором ярилцлаа.
-Та монгол туургатны барилдаанд хэд дэх удаагаа барилдаж байна вэ?-Юуны өмнө яс, цус, удам нэгт монгол ах дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол туургатны барилдаанд гурав дахь удаагаа оролцож байна.
-Бөхийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?-Би удамтай бөх болохоор нутгийн ах нар бөх болно хэмээн хүүхдүүдтэй барилдуулж, ноцолдуулдаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л барилдаж эхэлсэн дээ.
-Монгол, Тува бөхийн хооронд ямар ялгаа ажиглагдав?-Тува, монгол бөхийн зодог шуудаг, гутал, малгай гээд бүх зүйл нь адилхан. Харин миний ажигласан нэг зүйл бол жингийн хувьд маш их зөрүү байна. Манай бөхчүүд жин багатай болохоор барилдаан удааширдаггүй юм. Үүний нэг жишээ бол -85 кг-ын жингийн барилдаанд барьц сонгох тохиолдол гараагүй. Монголын бөхчүүд 90 кг-аас дээш жинтэй болохоор хэдхэн мэхний хооронд барилдаан өрнөж байгаад харамсаж байгаагаа нуугаад яахав. Миний мэдэхээр монгол бөх мэхээр барилддаг байсан. Харин одоо жин, бяраар барилдах болсон санагдана.
-Та монгол бөхийн хөгжилд сэтгэл дундуур явдаг юм аа даа?-Монгол бөх олон зуун жилийн түүхтэй аугаа их гайхамшиг билээ. Би монгол бөхийн түүхийг сонсож хүн болсон. Энэ үед барилдаж байгаа бөхчүүд монгол бөхийг хөгжүүлэх үүргээ мартуузай хэмээн санаа зовж байна. Монгол бөх ёс, жудгаа сахин үлдсэн цорын ганц наадам юм.
-Монгол бөхчүүдээс хэнийг хүндэлж явдаг вэ?-Би мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Асашёрюүг биширдэг. Сүмогийн дэвжээнд эд хаваа гайхуулан барилдаж дэлхий даяар монгол туургатныг нэгтгэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Энэ наадамд ирснээр их аваргатай гар барих завшаан тохиосонд баяртай байна. Мөн А.Сүхбат аваргын барилдааныг үзэх дуртай. Тэр хүнийг барилдахад байгалийн сүр хүч эгшиглэж буй мэт санагддаг.
-Харин одоо барилдаж буй бөхчүүдээс хэний барилдааныг шимтэн хардаг вэ?-Улсын харцага Ө.Даваабаатарын хурдан шуурхай барилдаанаас сурах зүйл их байгаа. Ер нь танай улсын харцагуудын барилдааныг харахад сайхан байдаг юм. Жишээ нь Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, А.Бямбажав, Т.Өсөх-Ирээдүй гэх зэрэг. Эдгээр харцагуудаас улсын наадмын түрүү бөх төрнө гэж найддаг.
-Та Монголын домогт аваргуудын талаар хэр мэдэх вэ?-Сүүлийн үеийн бөхчүүдийг сайн мэднэ. Зарим нэгтэй нь нөхөрлөдаг. Харин аваргуудаас Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, О.Балжинням, С.Мөнхбат нарын барилдааныг шимтэн харж байдаг.
-Таныг Тува Улсын начин гэж сонссон юм байна?-Би 2009 оны наадмаар начин цол хүртсэн. Энэ жил цолоо ахиулах бодолтой байгаа.
-Та монгол туургатны дөрөв дэх наадамд түрүүлсэн байх аа?-Тийм ээ. Тэр наадам нутагт маань болсон болоод ч тэр үү өөрийгөө хурцалж барилдсан. Нутгийн олон түмэн дэмжиж байсан болохоор надад унах эрх байгаагүй.
-Таныг дайчин шуурхай барилддаг юм байна гэж манай үзэгчид ам сайтай байлаа?-Ер нь барилдааны тактик гэж ойлгож болно. Олон учраа цаана нь хүлээдэг болохоор гараа амрааж аль болох хүч тэнхээгээ нөөх хэрэгтэй.
-Тэр барилдаанд -75 кг-ын жинд барилдаж байсныг санах юм байна. Хоёр жилийн дотор жин нэмээ юү дээ?-Сүйдтэй их нэмээгүй. Харин барилдааны туршлага жаахан нэмэгдсэн байх /инээв/.
-Дөрөв дэх наадамд түрүүлсэн таныг энэ наадамд мөн дээгүүр барилдах байх гэж харж байлаа?-Баярлалаа. Энэ удаагийн наадамд өөрийгөө муу барилдсан гэж бодохгүй байна. Шөвгийн наймд шалгарч Монголын шилдэг аймгийн арслангуудын нэг Т.Баасанхүүтэй сугалаа таарч өвдөг шороодлоо.
-Т.Баасанхүү арслан та хоёрын барилдаан их удааширсан. Боломжоо хэр ашигласан бэ?-Арслантай барилдахад тал таарахгүй хэцүү байсан. Мөн Т.Баасанхүү арслан ер зүгээр зогсдоггүй юм билээ. Түүнтэй шөвөгт таарах магадлал өндөр байсан болохоор барилдааныг нь бага зэрэг судалсан. Тэр барилдааны өндөр мэдрэмжтэй юм билээ.
-Энэ удаагийн наадамд ямар зорилготой ирсэн бэ?-Наадам бөхийн өлгий нутаг монголд болж байгаагаараа онцлог юм. Тийм болохоор даваа бүр хэцүү байлаа. Би шөвгийн дөрөвт үлдэх зорилготой ирсэн. Ганцхан даваа дутлаа.
-Монгол туургатны VI наадам Алтайд болно. Та барилдах уу?-Их наадамдаа алгасалгүй оролцох бодолтой байна. Алтайд болох VI их наадамд бэлтгэлээ чамбайруулж их шөвөгт үлдэх зорилго тавинаа.
-Энэ наадамд -85 кг-ын жинд хэнийг түрүүлнэ гэж бодож байв. Хамгийн хэцүү өрсөлдөгч хэн байсан бэ?-Би энэ наадамд аймгийн арслан Т.Баасанхүү, аймгийн начин О.Түмэндэмбэрэл нарын нэг нь түрүүлэх байх гэж таамаглаж байсан. Гэтэл аймгийн арслан Д.Амарсанаа хүлээцтэй барилдаж түрүүлсэн. Аймгийн начин О.Түмэндэмбэрэлийн хөлд орох техник гайхалтай юм билээ. Нүд ирмэх зуур хөлд орчихсон байдаг.
-Сэтгэлд хоногшсон барилдааныг нэрлэ гэвэл?-Манай жинд нэгийн даваанд олимпийн хүрэл медальт, аймгийн арслан Х.Цагаанбаатар, сумын заан Э.Өвгөнхүү нарын барилдаан сонирхолтой болсон. Х.Цагаанбаатарыг уначихав уу гэтэл хүнд хэцүү байдлаас гарч уран мэхээр давсан барилдаан тэнд хурсан олныг суудлаас нь өндөлзүүлж байсан.
-Та хэрэв Х.Цагаанбаатартай таарсан бол яаж барилдах байсан бэ?-Хэрэв Х.Цагаанбаатартай учраа таарсан бол аль болох шуудганд хүрч барилдах байсан юм болов уу.
-Наадмын нээлтийг талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?-Нээлт үнэхээр сайхан болсон. Хэнгэрэг дэлдэх тэр мөчид их догдолж байлаа. Тэр баатар эрсийн үзүүлэх тоглолт миний санаанаас гарахааргүй хоногшиж үлдлээ.
-Та Монголын үндэсний их баяр наадмыг ирж үзсэн үү?-Манай наадам ойролцоо болдог учир хараахан ирж чаддаггүй юм. Монгол наадмын бичлэгийг үзсэн. Сүр жавхлантай болдог юм билээ. Дараа зав гаргаж заавал ирж үзнээ.
Д.Жавхлан
gogo.mn