Өчигдөр Говь-Алтай аймгийн бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаан Чандмань сумын нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд барилдааныг Чандмань сумын уугуул улсын гарьд Н.Ганбаатар ивээн тэтгэж явуулсан юм.
Өмнөх барилдаануудад зөвхөн тус аймгийн бөхчүүд барилддаг байсан бол өчигдөр нээлттэй байдлаар явагдаж улсын заан Б.Соронзонболд, улсын начин Л.Гантулга, Ш.Тогтохбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглож уран мэхийг уралдуулан хүчийг үзсэнээс Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, Халиун сумын харьяат аймгийн заан Д.Буянт нар шалгарч үлдлээ.