by Nomer 10 » Tue Jun 12, 2018 8:05 pm
В хэсэг
Иран
Дасгалжуулагч: Карлос Куэрош. Реал Мадридын оддыг дасгалжуулж, Манчэстер Юнайтед багт агуу Сэр Алексийн дор туршлага хуримтлуулж явсан тэр энэ жил дасгалжуулагчийн хувиар 4 дэх дэлхийн аваргадаа орж буй. Өмнөх 3 удаад амжилт олоогүй ч энэ жил дахиад нэг дайралт хийгээд үзнэ.
Ази тивээсээ хамгийн анх, бүр бүх 32 багийг аваад үзвэл зөвхөн Бразилын дараа л тэд эрхээ авсан. Авах авахдаа бүр ганц ч ялагдаагүй авсан гэж байгаа. Тэр энэ дэлхийн аваргын дараа ч Ирандаа үлдэх бодолтой байгаа аж.
Гол тоглогч: Алиреза Жаханбакш. 33 тоглолт, 33 оноо. Холландын Алкмаарт гялалзсан тэр баруун жигүүрт үнэхээр гялалзав. Англи, Испани, Германы багууд түүнийг хэдийнэ ангуучлаад эхэлчихсэн байгаа.
Өдгөө 24 настай тэрээр энэ тэмцээнээр өөрийгөө дэлхий нийтэд таниулж чадвал тэр ирэх жил аль нэгэн том багт багтах нь баараггүй байх аа. Нутагтаа тэрээр гарч ирж буй супер одоор тодорчихоод байгаа.
Дүгнэлт: Хэдий Жаханбакш багтаа дэм болох хэдий ч тэдэнд сугалаа үнэхээр хатуу таарсан. Португал, Испани 2 эхний 2 байрыг эзлэх магадлал өндөр. Хэсгээсээ гарна гэдэг бараг боломжгүй. Гэхдээ хөлбөмбөгт 1 хувийн боломж 99 хувь болж хувирдаг тохиолдол их шүү.
Марокко
Дасгалжуулагч: Эрвэ Рэна. 2012 онд Замбиаг хар тивийн аварга болгож байсан энэ франц эр 3 жилийн дараа Зааны Ясан Эргийг мөн түрүүлүүлж, 2 өөр багаар хар тивийн аварга болсон цорын ганц дасгалжуулагч болсон. Одоо тэр Мароккотой шинэ түүхийг бүтээхээр зэхэж буй.
Урьдчилсан шатанд хаалгандаа ганц ч гоол алдаагүй гэхээр тэдний гол цөм хаана байгаа нь харагдана. Хамгаалж байгаад эсрэг багаа сүйрүүлсэн контр аттак хийдэг түүнийг Цагаан шидтэн гэдэг. Тэр үргэлж цагаан сорочка өмсөж тоглолтод ордог болохоор энэ нэрийг авчээ.
Гол тоглогч: Мэди Бэнатиа. Байерн болон Ювентустай давхар цом хүртэж байсан түүний хувьд хамгийн том амжилт нь өөр нэгэн тоглолт гэнэ. Өнгөрсөн 11 сард ЗЯЭргийн эсрэг хийсэн түүний гоол Марокког 20 жилийн дараа дэлхийн аварга руу хөтөлсөн юм.
31 настай хамгаалагчийн хувьд Германд бэртлээс болоод хөлөө олж чадаагүй Италид буцаж очоод аз жаргалаа олсон. Одоо тэр агуу Ювентусын гарааны хамгаалагч нэгэнт болсон.
Дүгнэлт: Ираны эсрэг эхний тоглолтоо хийнэ. Хэрэв тэр тоглолтод хожиж чадвал тэд хэсгээс гарах найдвараа тээж үлдэнэ. Дасгалжуулагч нь Бид дэлхийн аваргад орох гэж ирээгүй гэж том дуугараад байгаа.
Португал
Дасгалжуулагч: Фэрнандо Сантос. 2 жилийн өмнө Францыг зорих тэмцээнд Пауло Бэнто эхний тоглолтдоо Албанид хожигдоод багаас хөөгдөв. Оронд нь ирсэн Сантос харин 7 тоглохдоо 7 хожиж эрхээ аваад зогсохгүй тивийн аваргад талбайн эзэн Францыг хожиж аваргалсан нь түүний гавьяа.
Грект он удаан жилийг үдэхдээ тэр тус улсын шилдэг дасгалжуулагчаар дөрвөнтөө нэрлэгдэж байлаа. 2012 онд тивийн аваргаар Грекийн шигшээг шөвгийн 8-д үлдээхэд бүгд түүнийг таньж эхэлсэн. 2014 оны дэлхийн аваргаар Грекийг хэсгээсээ шалгарахад бүр ч илүүтэй мэддэг болов. Ингээд тэр төрсөн нутагтаа ирж шигшээгээ залах болсон юм.
Гол тоглогч: Криштиано Роналдо. Тэр үгүй бол Португал ердөө л нэгэн дундаж баг. Харин тэр байх юм бол Португал тайтлын өрсөлдөгч. Тэр гоолдохын төлөө төрсөн мэт. Жилээс жилд рекорд тогтоосоор л. Европын аварга, Аваргуудын лиг, Клубын дэлхийн аварга, Португалын шигшээ, Реал Мадрид гээд л бүгдэд нь тэр хамгийн их гоолдсон.
Хамгийн хачирхалтай нь нас нь явах хэрээр тэр улам их гоолыг оруулж байгаа. Энэ хэвээр бол тэр дахиад ч хэдэн жил гоолдсоор байх нь. Гэхдээ энэ жил түүний дэлхийн аваргын төлөөх сүүлчийн дайралт.
Дүгнэлт: Тэднийг хамгаалсан уйтгартай тоглолттой гэдэг. Гэхдээ энэ нь аварга авч чадахгүй гэсэн үг биш. Тэдэнд нэг муу тал байгаа нь Роналдо байхгүй бол урд довтолгоо явахгүй, тиймээс ч тэд фаворит багаар огт нэрлэгдэхгүй байгаа. Роналдо бүтэн сарын турш маш өндөр формтой байж л тэд хол явна гэхээр амаргүй дээ.
Испани
Дасгалжуулагч: Хулен Лопэтэгуй. Домогт Висэнтэ Дэл Боскегоос ажлыг нь авсан тэрээр шинэчлэл хийхгүй харин багийн хөгжлийг цааш боловсронгуй болгоно гэж мэдэгдсэн. Тэгж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь тэд Испаний өсвөрийн багуудыг дасгалжуулж байсан нэгэн тул тики такаг шинээр төрүүлэх магадлал бий. Тэрийгээ ч баталж тоглолтоос тоглолтод сонгодог тики такаг харуулсаар байгаа.
Испани дэлхийн аваргад явах эрхээ төвөггүй авсан. Өмнө нь хаалгач байсан түүний удирдлага дор “Фурья Роха” ялагдал гээчийг амсаагүй яваа. 2008-2012 онуудад дийлдэшгүй байсан баг буцаад ирж бна даа.
Гол тоглогч: Андрес Иниеста. Клубын түвшинд Барселон багтайгаа авч болох бүхнийг авсан тэр шигшээд ч мөн авч болох бүхнийг авсан. Гэхдээ тэр төгсгөлөө маш сайн хийхийг хүсч байгаа. Энэ жил түүний хувьд сүүлчийн дэлхийн аварга.
Техникийн хувьд гаргуун, хэдэн ч хүн шаваад ирсэн бөмбөгөө гаргаад ирдэг түүний нас явж байгаа хэдий ч шигшээдээ гол хүн нь байсаар. Тики такагийн нэгэн үеийг босгосон гол хүн нь болохоор арга ч гүй биз. Дасгалжуулагч нь тэр хүн дээрээ түшиглэж тики такаг дахин амилуулж байгаа.
Дүгнэлт: Тэд ганцхан зорилготой ирсэн. Түүндээ хүрэх потенциал хангалттай бий. Гэхдээ дэлхийн аварга гэдэг нэг талаар азны тэмцээн. Нэг муу өдөр таарчихвал ямар ч сайн баг байгаад гэртээ харьдаг тохиолдол бишгүй. Тэд зөвхөн сайн өдөр нь таараасай гэж залбирахад л болно.
Hup Holland Hup